Оптикийн тандан судалгаатай харьцуулахад, идэвхитэй тандан судалгааны физик үндэс нь өөр учир анхдагч мэдээнд боловсруулалт, тайлал хийх нь ч харьцангуй өөр байдаг. Радарын долгионы когерент (ижил давтамж, фазтай) шинж чанараас үүдэн бие биенээсээ ойр орших биесээс сарнисан долгионууд өөр хоорондоо давхардсан үед фазын ялгаанаас нь шалтгаалан дүрс зураг дээр хар, цагаан толбууд (speckle) бий болдог.
Эдгээр толбууд нь дүрс зургийн ялгах чадварыг бууруулж, зурагт тайлал болон дүн шинжилгээ хийхэд бэрхшээл учруулдаг. Иймд, аливаа дүн шинжилгээг хийхийн өмнө толбыг багасгах шаардлагатай. Толбыг багасгахад малти-лүк (multi-look) процесс болон шүүлтүүрийн аргыг тус тус ашигладаг. Малти-лүкийн аргад сарнисан долгионыг бүлэглэн дундаж утгыг нь тооцдог ба уг арга нь сигналыг дүрс болгох явцад хэрэглэгддэг учир тоон боловсруулалтад төдийлэн ашиглагддаггүй. Харин шүүлтүүрийн аргыг дүрс зургийн толбыг багасгах, улмаар байгалийн болон хүний үйл ажиллагаагаар бий болсон объектуудад оронзайн сайжруулалт хийхэд ашигладаг учир тоон боловсруулалтанд маш өргөн ашиглагддаг байна.
Радарын зургийн толбыг багасгахад, толбыг арилгах тусгай зориулалтын шүүлтүүрүүдээс гадна, оптикийн тандан судалгаанд анхдагч мэдээний зарим нэг хуурмаг тодролыг багасгах, зурагт тайлал хийхийн өмнө зургийн нийт тодролыг (радиометрийн утга) ямарваа нэгэн хэмжээгээр жигд болгох зориулалтаар ашиглагддаг дундаж болон медиан шүүлтүүрүүд хэрэглэгддэг. Энэхүү өгүүлэлд, радарын зургийн толбыг багасгахад ашиглагддаг шүүлтүүрүүдийн үзүүлэх нөлөөний талаар Улаанбаатар хот орчмын ERS-2 SAR дагуулын мэдээн дээр харьцуулан өгүүлнэ.