Рашаан гэдэг нь амтат шүүдэр, амтат цай, хутаг ус, мөнхийн ус гэхчлэн утгатай. Газрын
гүний эрдсийг шингээсэн, зарим онцгой чанартай элементүүдийг агуулсан, өвчин эмгэгийг
илааршуулахад тустай байгалийн ундарга усыг рашаан гэнэ. Хүн төрөлхтөн эртнээс рашааныг
ихэд хүндэтгэн, сүсэглэж хэрэглэсээр ирсэн бөгөөд рашааныг уухдаа “Рашаан рашаан болох
болтугай, арьс махны завсар гүйж аливаа муу өвчнийг арилгаж хайрлах болтугай” гэж залбиран
хүртдэг байжээ. Рашааныг тусгай цаг улиралд, сонгосон дэг горимын дагуу тодорхой хэмжээгээр
уугаад, дараа нь сайтар гам сахивал аливаа өвчнийг анагаах, эрүүлжүүлэх увдистай хэмээн
эрхэмлэн элдэв өвчин эмгэгт хэрэглэж, анагааж, сувилаж, шүтэж ирсэн баялаг түүхтэй.
Монголчууд рашаан усны анагаах чадварыг ашиглан уух, орох, шавших, лаг шавраар нь шавах,
халуун рашааны чулуугаар бигнүүр тавих зэргээр бие организмыг эмчлэн сувилах, урьдчилан
сэргийлэх замаар хэрэглэдэг.