Хөрсний элэгдэл эвдэрлээс улс ардын аж ахуйд болон шим мандал, хүрээлэн буй орчинд учруулах хохиролыг тэр бүр мөнгөөр илэрхийлэх боломжгүй юм. Хөрс хийсч шороон шуурга болоход үйл ажиллагаа нь хэвийн байх улс ардын аж ахуйн салбар нэн ховор билээ. Хөрс элэгдэж эвдрэн шороо шуурснаар агаар тоосжино, агаар нийтдээ хуурайшна, бодисын ба энергийн хэвийн солилцоо ба эргэлт алдагдаж, ургамлын аймгийн бүрэлдэхүүн ядуурах нь нэг орны төдийгүй бүс нутгийг хамарч байна. Энэ сөрөг үзэгдлийн тоо хэмжээ, давтагдал хамрах хүрээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тариалангийн газрын хөрсний элэгдэл эвдрэлийг тогтоох судалгаанд манай орны газар тариалангийн үндсэн бүсүүдэд байрлах 1206.4 мян.га талбай буюу нийт талбайн 89.6 хувь хамрагдсан бөгөөд судалгаанд хамрагдсан нийт талбайн хөрсний 46.5 хувь нь элэгдэж эвдрэснээс сул 58.9 хувь, дунд зэрэг 28.2 хувь, хүчтэй 12.9 хувийг эзэлж байгааг тогтоосон юм.
Монгол Улсын хэмжээнд уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагааны улмаас 20401,3 га талбай эвдрэлд орсоны 4630,03 га газарт техникийн нөхөн сэргээлт, 4587,6 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийгдэж, улсын хэмжээнд нөхөн сэргээлтийн хувь хэмжээ 22,4 хувь байгааг 2011 онд тогтоосон байна. Эдгээрээс 2009 онд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Хэнтий 2010 онд Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар, Төв, Булган аймгуудад судалгааны ажил хийсэн бөгөөд 2011 Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай,Хөвсгал, Завхан аймгуудад уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон газрын тооллогын ажил хийсэн байна.
Атар газрыг тариаланд ашиглаж хөрсийг эргүүлэн хагалсанаар ургамлан нөмрөг нь устаж, хөрс хамгаалах техник технологийг хожуу нэвтрүүлсэн, ээлжлэн тариалалтанд хөрс хамгаалалтыг хийлгүй орхисон нь хөрс элэгдэл эвдрэлд нэрвэгдэх үндсэн нөхцөл болжээ
Хөрсний элэгдэл эвдрэл ихээхэн газар нутгийг хамарч, улс ардын аж ахуйд төдийгүй экологит асар их хохирол учруулдаг байгалийн гамшигт үзэгдлүүдийн нэг болохыг хүн төрөлхтний хөгжлийн түүх ба өнөөгийн амьдрал тодорхой гэрчилнэ. Иймд хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах түүний үржил шимийг хадгалах, дээшлүүлэх асуудал эдийн засаг, нийгэм, экологийн төвд оршсоор ирсэн ба цаашид ч хэвээр байх нь өнөөгийн нөхцөл байдлаас харагдаж байна.