Desertification Study
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Монгол улсын Засгийн газрын 1997 оны тогтоолын дагуу байгуулагдсан Геоэкологийн хүрээлэнгийн харъяанд тухайн үеийн Байгаль орчны яам, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу Цөлжилтийн судалгааны үндэсний төв нэртэйгээр байгуулагдаж байсан байна . Харин 2004 оноос ШУА-ийн ерөнхийлөгчийн шийдвэрээр Геоэкологийн хүрээлэнгийн бүтэцэд Цөлжилтийн судалгааны төв нэртэй бие даасан салбар болгож үйл ажиллагааг одоо хүртэл явуулж ирлээ. 2015 оноос шинээр зохион байгуулагдсан Газарзүй, Геоэкологийн хүрээлэнд Цөлжилтийн судалгааны салбар болгон өргөжин зохион байгуулагдсан болно.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Монгол орны ялгавартай экосистемийн хүрээнд явагдаж буй цөлжилтийг үнэлэх онол, аргазүйн үндэслэл боловсруулах, цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг тодорхойлох , зураглах, цаашид авах арга хэмжээг төлөвлөх, түүнийг сааруулах арга хэмжээний шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад чиглэгдэнэ.
ЦӨЛЖИЛТИЙН СУДАЛГААНЫ САЛБАРЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ:
Цөлжилт газрын доройтлын үйл явцыг үнэлэх олон улсад туршигдсан, нэвтэрсэн аргазүйг Монголд нэвтрүүлэх; Цөлжилт, газрын доройтолд хүргэх байгаль, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсэд үнэлэлт, дүгнэлт өгөх;
Монгол орны нутаг дэвсгэрт явагдаж буй цөлжилт, газрын доройтлын үйл явцыг газрын судалгаа болон зайнаас тандан судалгааны арга, хэрэгслийг ашиглан үнэлэх, зураглах;
Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад газрын менежментийг боловсронгуй болгох шинжлэх ухааны үндэслэлийг бүрдүүлэх; Цөлжилт, газрын доройтол илэрсэн бүс нутгуудад хамгааллын арга хэмжээг төлөвлөх;
Цөлжилт, газрын доройтол илэрсэн бүс нутгуудад олон улсад туршигдсан хамгааллын зарим арга, туршлагыг нэвтрүүлэх зэрэг болно. Цөлжилтийг сааруулах үйл ажиллагаа болон цөлжилттэй тэмцэх дэвшилт, технологийг орон нутгийн иргэдэд танилуулан ойлгуулах, сургалт, сурталчилгаа явуулах
БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Цөлжилтийн Судалгааны төв нь нийт 12 ажилтантай бөгөөд үүнээс эрдэм шинжилгээний 9 ажилтан бий. Эрдмийн зэрэг цолоор ялган үзвэл тус төвд 1 доктор, 2 докторант, 7 магистр цолтой эрдэм шинжилгээний ажилтантай. Материал, техникийн баазын хувьд тус төв нь Элсэнтасархай Туршилт судалгааны төв, Бүрэнтолгойн туршилт үйлдвэрлэлийн төв гэсэн 2 суурин судалгааны төвтэй бөгөөд энд технологи нэвтрүүлэх турших бүхий л үйл ажиллагааг хийх нөхцлийг бүрдүүлж ирсэн.
ҮЙЛ АЖИЛЛАГАА
Цөлжилтийн Судалгааны Салбарын үйл ажиллагаа нь ШУА-ийн хүрээнд хэрэгжих суурь судалгааны сэдэвт ажил, салбарын байгууллагуудын захиалгаар хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслүүдийн хүрээнд хэрэгждэг. Үүний зэрэгцээ энэ салбар нь цөлжилт, газрын доройтлын чиглэлээр хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллаж байна.
ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСӨЛ, СУУРЬ СУДАЛГАА
Цөлжилтийн судалгааны төвөөс 2005-2007 онуудад “Монгол орны цөлжилтийн динамик, түүний хандлага” сэдэвт ажлыг хэрэгжүүлж Монгол орны цөлжилтийн үнэлгээг бүх нутаг дэвсгэрийг хамруулан анх удаа хийжээ. 2009-2012 онд “Төв монголын хээрийн бүсийн цөлжилтийн төлөв байдал үнэлгээ, зураглал” сэдэвт ажил, 2012-2015 онд “Төв монголын хээрийн бүсийн загвар нутгийн хүрээн дэх цөлжилтийн мониторингийн судалгаа” суурь судалгааны сэдэвт ажил хэрэгжүүлж байна. Түүнээс гадна Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрт заагдсаны дагуу аймгуудын цөлжилтийн дэд хөтөлбөрүүдийг боловсруулах судалгааны ажил явуулж, түүнд тулгуурлан сааруулах арга хэмжээний төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлэх арга хэмжээг авч явуулж байна. Тухайлбал, “Сүхбаатар аймгийн цөлжилтийн төлөв байдал, түүнийг сааруулах арга хэмжээний төлөвлөгөө”, “Төв аймгийн цөлжилтийн төлөв байдал, түүнийг сааруулах арга хэмжээний төлөвлөгөө” нэртэй судалгааны ажлын тайланг хүлээлгэж өгөөд байна.
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
Цөлжилтийн Судалгааны салбарын эрдэмтэн, судлаачид Монголын өнцөг булан бүрт судалгааны ажлыг хийхийн сацуу олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах ажлынхаа хүрээнд цөлжилт, газрын доройтолыг бууруулах практик арга хэмжээг тодорхой бүс нутгуудад хэрэгжүүлж ирсэн билээ. Тухайлбал, НҮБ-ын Цөлжилтийн асуудлаарх нарийн бичгийн дарга нарын газартай байнгын холбоотой ажиллаж Цөлжилтийн үндэсний тайланг 2000, 2004, 2008, 2011 онуудад бэлтгэн боловсруулж Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тус төв нь Щвейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Цөлжилтийг сааруулах”, НҮБ-ын ХХ, ДДБХС-аас хэрэгжүүлж буй
“Цөлжилтийг бууруулах газрын тогтвортой менежмент” зэрэг төслүүдтэй хамтран амжилттай ажилласан байна.
Бид өнөөдөр Олон Улсын Ротари байгууллагатай хамтран “Шар шорооон шуурганы нөлөөг бууруулах хамгаалалтын ой байгуулах”, “Хархорин суманд жимсний цэцэрлэг байгуулах”, “Чойр эко-парк” гэсэн 10 жилийн хугацаатай шат дараалсан 3 төслийг хэрэгжүүлж ирлээ.
БНСУ-ын Донкукийн их сургууль толгойлсон 5 их сургуулийн профессоруудын багтай магистр, докторын зэргийн түвшиний судалгааны ажлыг явуулах “Хуурай ба хагас хуурай бүс нутгийн цөлжилттэй тэмцэх нь” нэртэй төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж байна.