Data

Улаанбаатар хот орчмын гэр хорооллын суурьшлын бүсийн газар доорх усны чанарын судалгааны зарим үр дүнгээс

“Улаанбаатар хотын унд, ахуйд ашиглаж буй усны чанар, найрлагын судалгаа. усны бохирдлоос хүний эрүүл мэндийг хамгаалах зөвлөмж боловсруулах” грант төслийн хүрээнд 2019 онд нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын гүний худгийн усны чанарын судалгаа хийж, үр дүнг боловсруулан, дүгнэлт зөвлөмж бүхий тайлан бичиж хэлэлцүүлсэн. Бид 2013 онд мөн ийм төрлийн шинжилгээ хийсэн бөгөөд тэр үед чанарын шаардлага хангахгүй байсан худгуудын ихэнх нь хаагдсан боловч иргэд, аж нэгжүүд шинээр худаг гаргаж ашиглаж байгаа бөгөөд тэр бүр шинжилгээнд хамрагддаггүй нь ажиглагдлаа. Тус судалгаагаар 130 худаг, уст цэгийг сонгон газар дээр нь хэмжилт хийж, сорьц авч Усны ерөнхий хими болон бохирдлын үзүүлэлтүүдийг Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Усны шинжилгээний лабораторт, бактериологийн шинжилгээг тус хүрээлэнгийн Био-Экологийн лабораторт, бичил элементийн шинжилгээг Олон Улсын итгэмжлэгдсэн “SGS IMME Mongolia” ХХК-ний лабораторт тус тус тодорхойллоо. Гэр хорооллын судалгаанд хамрагдсан эдгээр худгуудын ус нь химийн бүрэлдэхүүний хувьд ихэвчлэн гидрокарбонатын ангийн, кальцийн бүлгийн, 1-2-р төрлийн устай боловч нийт худгийн 30.6% нь 3-р төрлийн устай, нийт худгийн 28% буюу 35 худаг хатуу устай байна. Энэ нь Улаанбаатар хотын газрын доор хатуу усны судлууд харьцангуй их байгааг харуулсан үзүүлэлт юм. Эрдэсжилтийн хувьд нийт худгийн 7.1% /9 худаг/ нь “давсархагаас давстай” буюу эрдсийн хувьд чанарын шаардлага хангахгүй байна. Бохирдлын үзүүлэлтийг шинжилсэн шинжилгээний дүнгээс харахад нитритийн ион 3 худагт, нитратын ион 5 худагт, аммонийн ион 2 худагт, төмрийн ион 4 худагт, 12 худагт булингаршил тус тус стандартаас давсан бохирдолттой байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гаргасан худгууд нь бусад дүүргийн газрын доорх устай харьцуулахад бохирдлын хэмжээ харьцангуй өндөр байгаа нь үйлдвэрийн болон хөрсний бохирдол нөлөөлсөн байж болох талтай. Бактериологийн шинжилгээгээр давхардсан тоогоор НГСББ-22, ДТГСББ-10, E-coli-5 худаг, уст цэгт илэрсэн байна. Бичил элементийн шинжилгээгээр стронци (Sr) 4 худгийн усанд, ураны агууламж (U) 3 худгийн усанд стандартаас тус тус үл мэдэг давсан байна. Бид худаг тус бүр дээр дүгнэлт гаргаж, хэрхэн яаж ашиглах тал дээр зөвлөмж өгсөн болно.

Data and Resources

Additional Info

Field Value
Author Ч.Жавзан*, Д.Гэрэлт-Од*, Б.Оюун-Эрдэнэ*, Т.Энхжаргал*, Б.Рэнчинбуд*
Maintainer Renchinbud
Version 1.0
Last Updated November 11, 2019, 08:11 (UTC)
Created November 11, 2019, 08:10 (UTC)