Data

Савлаж буй усны чанарын тухайд

Хүн төрөлхтөн халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд 1904 оноос усыг хлоржуулж эхэлжээ. Харамсалтай нь энэ бол төгс шийдэл биш бөгөөд тахал дэгдэлтийг бүрэн дарж чадсан ч нөгөө талаас даралт ихсэх, харшил, хавдрын өвчнүүд, дотоод шүүрлийн гэмтлүүд тэр дундаа бэлгийн сулрал зэрэг хлорын хорт нөлөөний уршгуудтай хүн хөрөлхтөн тулгарчээ. Үйлдвэрлэлийн хөгжлийн үр дүнд хүн 50 наслах хугацаанд 16 кг хлор, 2 кг нитрат, 2 хоолны халбага хөнгөн цагаан, эмийн бүтээгдэхүүний асар их үлдэгдлийг ууж байна гэж эрдэмтэд тооцоолжээ. Иймээс хүмүүс савласан усыг хэрэглэх нь эрүүл мэндийн хувьд ач тустай зүйл юм. Хүн амын нутагшилт, суурьшлын тэнцвэртэй бус хөгжил, хөрөнгө оруулалтын бодлогын уялдаагүй байдлаас нийслэлд хэт төвлөрөл бий болж, байгаль орчны тэнцвэр алдагдахад хүрээд байгаа билээ. Хүний уух ус нь стандартын шаардлага хангасан, цэвэр ариун байвал эрүүл саруул амьдрах нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр Улаанбаатар хотод нийт хүн амын 60 гаруй хувь нь амьдарч, ажиллаж байна. Хотжих үйл явцыг дагаж хүний үйл ажиллагаа, техноген процессын нөлөөгөөр газар доорх усны төлөв байдал ихээхэн өөрчлөгдөх эрсдэл үүсээд байна. Ялангуяа хүний үйл ажиллагаа барилгажих процессын нөлөөгөөр газар доорх усны байгалийн шинж төрх, ялангуяа тэдгээрийн тэжээлэлт, солигдолт, байршил, шилжилт хөдөлгөөн, горимд төдийгүй түүний чанар, найрлагад өөрчлөлт орж эхлээд байна. Нөгөө талаас дээрх нөлөөллөөс болж өөрчлөлтөнд орсон байгалийн ус маань эргээд бидний амьдрал болон эдийн засагт муугаар нөлөөлөх эрсдэлтэй. Иймээс сүүлийн жилүүдэд иргэд өөрсдийн эрүүл мэндийг бодолцон бэлэн савласан усыг амьдралд ахуйдаа өргөнөөр ашиглах болжээ. Хүний организмын үйл ажиллагаанд ууж буй усны давсны найрлага онцгой үүрэг гүйцэтгэдэг. Ус давсны солилцоо алдагдахад янз бүрийн өвчин үүсэх тааламжтай нөхцөл бүрддэг. Усны солилцооны хямрал нь бие махбодийн эрхтэн, эд эсийн дотор ба гадна байх усны хэвийн хэмжээ багадан усны дутагдал, усгүйдэл /гипогидротаци, дегидротаци, эксикоз/ болох эсвэл ус их хуримтлагдан /гипергидротаци/ хаван үүсэх хэлбэрүүдээр илэрдэг. Эрдэсжилт хэт багатай буюу 100мг/л-ээс бага эрдэсжилттэй бороо, цас, өндөр уулын бүсийн зарим голын ус болон нэрсэн ус зэрэг нь хүний бие организмд сөрөг нөлөө үзүүлж хүн амын дунд жин буурч хатингарших, бамбай булчирхай нь томрох, зүрх судасны өвчнөөр өвчлөх явдал ихэсдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Судалгаанаас үзэхэд усанд байх нийт эрдэсжилтийн хэмжээ 150-350 мг/л орчим байх нь хамгийн тохиромжтой гэж тооцдог

Data and Resources

Additional Info

Field Value
Author Б.Оюун-Эрдэнэ, Ч.Жавзан
Maintainer Renchinbud
Last Updated November 11, 2019, 08:57 (UTC)
Created November 11, 2019, 08:57 (UTC)