Өгөгдөл

ХУРХЫН ХӨНДИЙН ЦЭВДГИЙН ТЕМПЕРАТУРЫН МОНИТОРИНГИЙН ЗАРИМ ҮР ДҮН

Ховор, нэн ховор шувуудын амьдрах орчны иж бүрэн судалгааны ажлын хүрээнд хүлэрт намагт цэвдгийн температурын мониторинг, геофизикийн мониторинг, гадаргын температурын мониторингийн судалгаа хийж байна. Хурх- Хүйтэний хөндийд цэвдгийн судалгааг 2016 оноос эхлүүлсэн бөгөөд өдгөө хүртэл тасралтгүй хэмжилт судалгааны ажлыг үргэлжлүүлж байна. Хурх, Хүйтэний хөндийн цэвдгийн мониторинг судалгааны ажлыг эхлүүлж 2017 онд Хурхын хөндийг хөндлөн огтолж зүсэлт байдлаар 3-12 метрийн гүнтэй 7 цооног, Хүйтэний хөндийд 3- 11 метрийн гүнтэй 4 цооног өрөмдөж, хөрсний температурын хэмжихэд бэлтгэн тоноглож, хөрс чулуулгийн дээж авч лабораторийн нөхцөлд шинжилсэн. 2017 оны 10 сараас эхлэн Хурхын хөндийн цооногуудад цэвдгийн температурын мониторингийн судалгаа хийж байна. Бидний судалгааны үр дүнгээр Хурх-4 цооногийн 10 метрийн гүний цэвдгийн жилийн дундаж температур -1.22 0С байв. Энэ нь тасалданги, алаг цоог тархалттай бүслүүрт тохиолдож болох цэвдгийн температурын утга юм. Өөрөөр хэлбэл намгийн хүлэрт давхарга нь цэвдэг тогтвортой орших нөхцөлийг бүрэлдүүлж байгааг илтгэнэ. 2016 оны 7 сард судалгааны талбай хоёр цэгт гадарга болон 10, 20, 30, 50 см-ийн гүнд тус бүр температур хэмжигч багаж суулгаж, хүлэрт үе давхаргын хөрсний температурын жилийн явцыг судалсан. 2016-2017 оны хооронд хэмжсэн мэдээгээр Хурх-5 цооногийн дэргэд хэмжсэн хүлрийн гадаргын жилийн дундаж температур 0.450С, Хурх-6 цооногийн дэргэд хэмжсэн хар шороон хөрсний гадаргын жилийн дундаж температур 1.90С байхад хүлрийн 50 см-ийн гүний жилийн дундаж температур -1.580С, хар шороон хөрснийх 2.34 0С байна. Хүлэрт хөрс болон хүлэргүй хөрс гадаргадаа 1.45 0С, 50 см-ийн гүнд 3.920С-ийн зөрүүтэй байна. Судалгааны дүнгээр хүлэрт намаг нь дулаан тусгаарлагчийн үүрэг гүйцэтгэж, агаар мандлаас ирж буй дулааныг хөрсөнд дамжихыг сааруулж, цэвдэг тогтвортой орших нөхцөлийг бүрэлдүүлж буйг температурын хэмжилтийн үр дүнгээр баталгаажууллаа.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Эх сурвалж МОНГОЛ ОРНЫ ЭКОСИСТЕМ БА БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ, ӨНӨӨГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ эрдэм шинжилгээний бага хурал
Зохиогч Г. Цогт-Эрдэнэ
Арчлагч Н. Нандинцэцэг
Сүүлийн шинэчлэл 2021 12-р сар 1, 16:08 (UTC)
Үүссэн 2021 12-р сар 1, 16:02 (UTC)