Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын 6-д “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах” хэмээн тодорхойлсон байдаг. Энэхүү зорилтын хүрээнд нийт хүн амыг 2020 он гэхэд 80 хувь, 2025 он гэхэд 85 хувь, 2030 он гэхэд 90 хувьд хүргэхээр зорилт тавьсан байна. Ийнхүү хүн амаа баталгаат ундны усаар хүртээмжтэй хангах нь Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний зорилго болоод байна. Энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэхэд “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг тодорхойлох аргачлал”-ыг иш үндэс болгосон. Энэ аргачлалд ус хангамжийн шугам сүлжээнд холбогдсон эсэх, ус түгээх байр, хамгаалсан гүний худаг, хамгаалсан булаг зэргээс усны хэрэгцээгээ хангаж буй эсэх зэргээр нь үнэлэх бөгөөд Монгол орны хэмжээнд дээрх зорилтуудын хэрэгжилтийг үнэлэх, дүгнэх нэгдсэн аргачлалтай болсон нь давуу тал юм. Гэхдээ эдгээр аргачлал холбоотой стандартуудад усны чанарын асуудал тусгагдаагүй байна. Иймээс энэ аргазүйг ашиглан гаргасан үр дүнг Шарын голын сав газарт орших төв суурин газрын хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн худгийн усыг Усны чанарын индекс болон усны чанар, найрлага, бохирдол, цацрагийн 87 үзүүлэлтээр шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнгээр шаардлага хангасан ус хангамжийн үйлчилгээ хүртэж байгаа хүн амын эзлэх хувь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын төв 97.25%, Дархан-Уул аймгийн Орхон сумын төв 93.13%,Шарын гол сумын төв 99.47% байна. Жавхлант болон Орхон сумын ус хангамжийн эх үүсвэрийн усны чанар стандартын шаардлага хангаж байгаа учир өмнөх үнэлгээ өөрчлөгдөөгүй харин Шарын голын сав газрын үнэлгээ 18.2% болж өмнөх үнэлгээний үр дүнгээс 5.31 дахин буурсан.