Байгаль дээр тохиолдож байгаа ус болгон өөр өөрийн чанар, найрлагатай учраас тэр бүр хүний эрүүл мэндэд тохирдоггүй, зохих түвшинд боловсруулалт хийж хэрэглэдэг. Гэвч ус болгоныг ижил технологиор боловсруулах албагүй, чанар найрлагаас нь хамааруулж өөрийн технологийн сонголт хийх учиртай.
Эрдэст ус гэдэг маань нэрсэн ус шиг бүх элементүүдийг нь арилгасан усыг хэлж байгаа хэрэг биш юм. Судалгаанаас үзэхэд усанд байх нийт эрдэсжилтийн хэмжээ 150-350 мг/дм3 орчим байх нь хамгийн тохиромжтой гэж тооцдог. Эрдэст усанд макро (кальци, магни, кали, натри, хлорид) болон микро (төмөр, цайр, иод, манган, селен, фтор, цахиур) элементүүд агуулах бөгөөд эдгээр элементүүдээр баялаг тул хүний бие махбодод тустай юм. Эрдэст усыг тогтмол хэрэглэснээр ходоод, гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлж, хүчил, шүлтийн тэнцвэрийг хангах, хумс, үсийг бэхжүүлдэг байна.