Хөвсгөл аймгийн Баянзүрх сум нь цэвдгийн үргэлжилсэн ба тасалданги тархалттай
бүсэд оршдог. Бид энэхүү судалгаагаар Баянзүрх сумын Доод Тоом, Дунд Тоом, Алтарга,
Бэлтэс голуудын хөндийн хөрсний органик нүүрстөрөгчийн агууламжийг судалсан.
Судалгааны талбайд 2022-2023 оны хооронд нийт 181 хөрсний зүсэлт хийж, 720 орчим
дээж цуглуулан хөрсний органик нүүрстөрөгчийн хэмжээ (ХОН, %), хөрсний органик
нүүрстөрөгчийн агууламж (ХОН-ийн агууламж, кг м-2), эзлэхүүн жин (г/см3), чулууны
агууламж (%), чийгийн хэмжээ (%) зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлов. Судалгааны
талбайд тайгын цэвдэгт, хүлэрлэг цэвдэгт, тайгын ширэгт, карбонаттай хүлэрлэг,
чулуурхаг ялзмагт, уулын бараан хөрс тус тус тархсан байна. Судалгааны талбайн ХОН-
ийн хэмжээ 1.7-93.8 % хооронд хэлбэлзэж хүлэрлэг цэвдэгт хөрсөнд хамгийн өндөр
байсан. Харин ХОН-ийн агууламж 4.7-72.7 кг м-2-ийн хооронд хэлбэлзэж тайгын цэвдэгт
хөрсөнд өндөр байсан. Судалгааны үр дүнг Монгол орны тайгын болон хүлэрлэг цэвдэгт
ХОН-ийн агууламжийн өмнөх судалгаатай харьцуулахад бидний судалгааны үзүүлэлт
өндөр байсан бол дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын (Арктикийн) цэвдэгт бүс нутгийн
ХОН-ийн агууламжаас бага байсан. Судалгааны цэгүүд дээрх ХОН - ийн хэмжээг чулуу
болон чийгийн хэмжээ, эзлэхүүн жинтэй харьцуулахад чулууны агууламж (r2 = -0.52)
болон эзлэхүүн жин (r2 = -0.87) - ээс хүчтэй урвуу хамааралтай байсан бол чийгийн
хэмжээ (r2 = 0.63) - ээс хүчтэй эерэг хамааралтай байна.