Өгөгдөл

Монгол Алтайн нурууны цэвдэгтэй бүсийн нууруудын өөрчлөлт (1970-2021)

Энэхүү судалгаагаар бид 1970-2021 оны хооронд Монгол Алтайн нурууны цэвдэгтэй бүсийн нууруудын өөрчлөлтийг судалсан. Бид (1) Монгол Алтайн нурууны цэвдэгтэй бүс нутагт тархсан нууруудын гадаргын усны динамик өөрчлөлтийг тодорхойлох; (2) цаг уурын урт хугацааны мэдээтэй нууруудын өөрчлөлтийг харьцуулан шинжлэхийг зорьсон. Уг судалгаанд байрзүйн зураг (1970), Landsat 5 TM болон ETM+ (2000, 2006, 2011, 2015, 2020-2021) хиймэл дагуулын зургуудыг ашиглаж, нууруудын гадаргын усны талбайн хэмжээг нормчлогдсон усны индекс (NDWI) ашиглан зурсан. Нууруудын тоо болон гадаргын усны талбайн (>1 га) өөрчлөлтийг тодорхойлохын тулд урт хугацааны мэдээ, хиймэл дагуулын мэдээ ашигласан. Бид нуурын гадаргын усны талбайг хэмжээгээр нь тав ангилж (1 - 5 га, 5 - 10 га, 10 - 50 га, 50 - 100 га, >100 га) хугацаагаар нь харьцуулсан. Судалгааны хугацаанд нуурын нийт тоо болон гадаргын усны талбайн хэмжээ –24.3%-иар (406-аас 307),–18.6%-иар (13093 га-10646 га) тус тус буурсан. Дээрх таван ангиллаас 1 - 5 га талбайтай жижиг нууруудын тоо эрс буурсан. Харин эсрэгээрээ сүүлийн 50 жилийн хугацаанд нийт 70 га талбай бүхий 17 нуур шинээр үүссэн. Монгол Алтайн нурууны цэвдэгтэй бүсэд 1940 оноос хойш жилийн дундаж агаарын температур эрс нэмэгдээд байгаа. Эндээс бид бүс нутгийн нууруудын динамик өөрчлөлт нь бичил уур амьсгалын горим, цэвдгийн тархалт, мөстлөгтэй холбоотой гэж дүгнэж байна.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Эх сурвалж https://www.mongoliajol.info/index.php/MJGG/article/view/2930
Зохиогч А. Саруулзаяа
Арчлагч Ё. Пүрэвдулам
Сүүлийн шинэчлэл 2024 11-р сар 11, 07:19 (UTC)
Үүссэн 2024 4-р сар 9, 14:33 (UTC)