Хөрсний органик нүүрстөрөгч (ХОН) нь шим тэжээлийн элементийн гол цөм, хөрсний үржил шимийн үндсэн хэсэг бөгөөд дэлхийн нүүрстөрөгчийн эргэлтэд шууд нөлөөлдөг. Цэвдэгт бүс нутагт нь хөрсний температур бага, усны шилжилт хөдөлгөөний дутмаг байдлаас шалтгаалан органик нүүрстөрөгч бүрэлдэх таатай нөхцөл бий болдог. Дэлхийн цэвдэгт бүсэд агуулагдаж буй хөрсний органик нүүрстөрөгчийн нөөц нь ойн хөрсөнд агуулагдаж буй нөөцөөс гурав дахин их байдаг. Хөрсний органик нүүрстөрөгчийн агууламжийн орон зайн тархалтыг зурагласнаар нүүрстөрөгчийн нөөцийг тооцож, цаашлаад цэвдэгт бүс нутгийн нүүрстөрөгчийн эргэлт, тэдгээрийн тооцоо судалгаанд чухал ач холбогдолтой мэдээлэл болно. Бид энэхүү судалгаагаар Монгол орны цэвдэгт бүсэд орших Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хөрсний органик нүүрстөрөгчийн агууламжийн орон зайн тархалтын загварыг боловсруулж зураглах, таамаглагч хүчин зүйлсийн ач холбогдлыг илэрхийлэх, зураглалын үр дүнг үнэлж, цэвдгийн ялгаатай бүсүүдэд тархсан органик нүүрстөрөгч агууламжийг харьцуулахыг зорьсон. Ингэхдээ машин сургалтын санамсаргүй форест регрессийн аргыг ашигласан. Судалгааны талбайгаар Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутгийг төлөөлүүлэн авч 2022-2023 онд нийт 181 цэгээс хөрсний дээжийг цуглуулсан. Судалгааны үр дүнгээс харахад хөрсний органик нүүрстөрөгчийн агууламжийг санамсаргүй форест регрессийн аргаар таамагласан загвар нь шалгалтын багцын үнэлгээгээр 61%-ийг, сургалтын багцын үнэлгээгээр 83%-г тус тус тайлбарлаж байв. Загварт ашигласан 28-н хүчин зүйлсээс ургамлын нормчилсон ялгаат индекс, суваг 4, суваг 5, налуу зэрэг нь хамгийн өндөр ач холбогдолтой байсан. Харин хүчин зүйлсийг бүлгээр нь авч үзвэл оптикийн хиймэл дагуулд суурилсан хүчин зүйлс хамгийн өндөр ач холбогдолтой байсан. Зураглалын үр дүнд Баянзүрх сумын нийт газар нутгийн хөрсний органик нүүрстөрөгч агууламж 16.7г/кг - 395.9 г/кг - ийн хооронд хэлбэлзэж, дундаж агууламж 157.1 г/кг байсан бөгөөд цэвдгийн үргэлжилсэн тархалттай бүсэд хөрсний органик нүүрстөрөгчийн агууламжийн дундаж утга 170.9г/кг, тасалданги тархалттай бүсэд 136.0 г/кг, алаг цоог тархалттай бүсэд 122.2 г/кг байв.