Бусад орны ойн үрийн мужлал боловсруулсан туршлагаас харахад үрийн мужлалыг авто зам болон төмөр зам зэргээр хилийг тогтоосон байдаг. Манай орны хувьд газар нутаг томтой, хүн амын суурьшил сийрэг учраас энэ аргыг ашиглах боломжгүй юм. Мужлалын хилийг тодорхойлохын тулд топографийн өгөгдлийг ашиглах боломжтой. Топографийн зураг нь гол, горхи, уулын бэлийн хил хязгаар тод харуулсан байдаг. Төслийн багийн Ойн судалгаа хөгжлийн төвтэй хамтран үндсэн төрлийн шилмүүст модны үрийн мужлалын зургийг урьдчилсан байдлаар боловсруулсан судалгааны дүнг энэхүү өгүүллэгт орууллаа. Үүнд: Шинэсийг Сибирь шинэс (Larix sibirica Ldb.), Дагуурын шинэс (Larix dahurica Turcz), Чекановскийн шинэс (Larix chekanowski Szaf.) эгэл нарс (Pinus sylvestris L.), хуш (Pinus sibirica Du Tour), сибирь гацуур (Picea obovate Ldb.), Сибирь жодоо (Abies sibirica Ldb.), дэлгэмэл жодоо. Манай орны ой нь уулын ой бөгөөд өндөршилийн зөрүү их, хуурайшилт өргөн хүрээг
хамарч байгаагаас үрийн чанар муудаж буй учир дэд районд хуваагаагүй болно. Орон нутгийн болон түүнтэй хил залгаа нутаг дахь популяцуудын үрийг мод үржүүлэг, ойжуулалтын ажилд ашиглах шаардлагатай.
Манай орны хувьд ойг зориудаар нөхөн сэргээх ажил эрчимжиж байгаа өнөө үед тарьц, суулгац ургуулах, ойг нөхөн сэргээхэд тухайн газар нутгийн байгаль цаг уурын нөхцөл болон ой үүсгэгч үндсэн төрлийн моддын үрийн удамшлын шинж чанарыг харгалзан үзэх нь шинжлэх ухааны чухал үндэслэл юм. Үүнтэй холбоотойгоор өндөр бүтээмжтэй, тэсвэртэй ойг ургуулахын тулд ой үүсгэгч голлох төрлийн моддын газарзүйн хувирлыг ялгавартайгаар ашиглах зорилго бүхий ойн үрийн мужлалыг боловсруулах нь өнөөгийн тулгамдаж буй асуудлуудын нэг юм.