Уул уурхай, металлурги, түлш эрчим хүч, ган болон бусад бүх төрлийн үйлдвэрүүд
хөгжихийн хирээр хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хортой элементүүдийн
тархалт сүүлийн жилүүдэд ихсэж, металл агуулсан хаягдлыг хүрээлэн буй орчинд шууд
ба шууд бус байдлаар хаяж, хүрээлэн буй орчныг бохирдуулж, улмаар хүн, амьтны эрүүл
мэнд, экосистемд хортой сөрөг нөлөө үзүүлж байна. Хүрээлэн буй орчныг металлаар
бохирдуулах энэ байдал хөгжиж буй орнуудад илүү их тохиолдож байна [1]. Хүнд
металлууд болон тэдгээрийн нэгдлийн бохирдолыг арилгах хими, физик, биологийн
аргуудаас биологийн арга нь эдийн засгийн хувьд ашигтай, нүсэр тоног төхөөрөмж
шаарддаггүй, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй зэрэг олон давуу талуудтай [2, 3].
Хүнцэл нэгдэлдээ (III) болон (V) валентыг үзүүлэх бөгөөд гурван валенттай ислийг
(As2O3) хүнцлийн ангидрид гэж нэрлэдэг. Хүнцлийн ангидрид бол хүчтэй хортой бодис
юм. Бохирдуулагчдыг биологийн процесс ашиглан зайлуулах, бууруулах эсвэл хоргүй
нэгдэлд нь шилжүүлэх аргыг биологийн исэлдэн-ангижрах процесс буюу биоремедаци
гэнэ. Биологийн арга нь байгалийн өөрийнх нь биетүүд болох бактер, мөөгөнцөр зэргийг
ашиглан биологийн идэвхит процессоор янз бүрийн хортой бохирдуулагчдыг
хоргүйжүүлэх эсвэл бүрэн цэвэрлэдэг [4]. Ихэнх биологийн процесс нь хүчилтөрөгчтэй
орчинд явагддаг. Биоремедацийн процесст микроорганизм нь бохирдуулагчдыг энергийн
эсвэл тэжээлийн эх үүсвэр болгож ашигладаг. Микробоор явагдах энэхүү аргын идэвхи нь
тэжээлийн бодис (азот, фосфор), электрон акцептор (хүчилтөрөгч) мөн субстрат (метан,
фенол, толуол гэх мэт) эсвэл катализаторын үүрэгтэй микроорганизм зэргээр
зохицуулагддаг. Гурван төрлийн биоремедацийн арга байдаг