Хармаг (Сибирь хармаг-Nitraria sibirica)-ийг зарим нутагт Товцог, Сондуул гэдэг. Марзлаг овгор элс, хужир мараа, тойрмын зах, дэрс, сайрын элсэрхэг хөвөөгөөр ургадаг ихээхэн дэлгэмэл ургамал юм. Ган ба давс хужирт үлэмж тэсвэртэй ургамал бөгөөд бут үүсгэж салхинд хийссэн элс шороо, ургамлын органик үлдэгдлийг өөртөө хуримтлуулж довцог үүсгэдэг. Намар хүйтэрсний дараа навчаа түргэн гөвнө. Адуу үхэр иддэггүй, бог мал, тэмээ бага зэрэг иддэг. Үр жимсийг мазаалай, зарим шувуу идэхээс гадна нутгийн ардууд жимсийг хүнсэнд хэрэглэж, хармагийн архи зэргийг хийдэг. Хөдөлгөөнт сул элсийг бэхжүүлэхэд хармагийг бусад ургамалтай хослон ашиглавал үр дүнтэй.