Хэнтий нурууны баруун хэсгийн нэгэн томоохон район нь Шарын голын ой бүхий нутаг бөгөөд уур амьсгал, газар зүйн хувьд өвөрмөц нөхцөлтэй нутаг юм. Сүүлийн жилүүдэд тухайн бүс нутагт мод бэлтгэл,
түймэр зэрэг хүний үйл ажиллагаанаас шалтгаалж, ойн экосистем доройтож, модлог идэшт шавжийн тархан олшрох нөхцөл бүрдэн, ойн нөөц, үйлдвэрлэлийн хэрэгцээт чанарыг алдагдуулсаар байна. Мөн нөгөө талаас модлог идэшт шавж ойн экосистемийн үйл ажилгаанд, ялангуяа доройтож хэвийн үйл ажилагаагаа алдсан модны хаталт, ялзрал, өмхөрлийн явцыг улам эрчимжүүлж, хөрс үүсэх, шим бодис бүрэлдэх бодисын эргэлтийг хурдасгахад чухал нөлөө үзүүлж байна. Түүнчлэн тухайн бүс нутагт нарсан ой түгээмэл тархсан, хүн ам
харьцангуй нягт суурьшсан зэргээс шалтгаалж, ойн түймэр үе үе гарах болсон нь модлог идэшт шавжийн олшрох, идэш тэжээлийн тохиромжтой нөхцлийг бүрдүүлж байна. Ойн ценозын тэнцвэрт байдлыг алдагдуулаг хүний сөрөг үйл ажиллагааны нөлөөллийн нэг хэлбэр бол мод бэлтгэл юм. Шарын голын мод бэлтгэх аж ахуй 1971 онд сайд нарын зөвлөлийн 101-р тогтоолоор жилд 40 мян. шоо метр мод бэлтгэх хүчин чадалтайгаар байгуулагдсан байна. Тухайлбал: 1975-1988 онд 1,5 сая шоо метр мод бэлтгэсэн байна. Энэ нутгаас жилд дундажаар 80-100 мянган шоо метр мод огтолж байжээ.